
Гарааны бизнесүүдийг дэмжигч дундын оффисууд хамтран ажиллана.
2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Стартап Терминал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон Financial Partnership Office “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ийн Дэд захирал Л.Бат-Өлзий нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд талууд стартап экосистемийн хөгжилд хамтран ажиллаж, мэдээлэл солилцоо, сургалт, хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулах, стартапуудын чадавх бэхжүүлэх болон олон улсын зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцсон юм. Startup Terminal төв нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гарааны бизнесүүдийг дэмжих, тэднийг тохь тухтай тохилог оффисоор хангах, арга хэмжээ эвентүүдийг нь зохион байгуулах, хамтран ажиллах, зөвлөгөө менторшип өгөх зэргээр ажилласаар ирсэн туршлагатай. Financial Partnership Office нь харьцангуй шинэ боловч, санхүүгийн салбарынхан, тэр дундаа мэргэшсэн нягтлан бодогчид, гэрээт нягтлан бодогчид гишүүнчлэлийн давуу талыг нь мэдрэх боломжтой гэдгээрээ ихээхэн онцлогтой. Ийнхүү Монгол улсын гарааны бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2 дундын оффис хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тохиролцлоо.