• (+976) 77410005, (+976) 77410000 (Eng)
  • info@iuegroup.mn

Мэдээ, мэдээлэл

Монголчуудын “Монгол бичиг номын өв”-ийг танилцуулав
  • February 13, 2017

Монголчуудын “Монгол бичиг номын өв”-ийг танилцуулав

“Их үйлсийн эрэлд” групп 10 жилийн ойдоо зориулан “Монгол бичиг номын өв” номыг уншигч олондоо өргөн барив. Уг номын нээлт өнгөрсөн 2016 оны намар “Их  Монгол” номын өргөөнд зохиогдсон юм. Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой,  Ж.Ганбаатар нарын зохиосон эл бүтээлд зөвхөн монгол хэл бичгийн мэргэжилтэй хүмүүст төдийгүй эх хэл, түүхээ дээдлэн сонирхогчдод зориулан монголчуудын бичиг  номын арвин их өвөөс дээжлэн оруулжээ. 

Эл бүтээлд Монгол бичгийн одоогоор  олдоод байгаа анхны биет баримт болох  Чингисийн чулууны бичгээс эхлээд өдгөө  бидний хэрэглэж байгаа крилл бичиг хүртэлх бичиг үсгийн түүх, биет дурсгалуудыг багтаажээ. Мөн монголчуудын эртний бичиг  үсгийн талаар, улмаар монгол,  дөрвөлжин, тод бичиг, али гали үсэг, соёмбо, хэвтээ дөрвөлжин, вагиндра, латин,  кирил бичгийн талаар тус тус бүлэг болгон монгол  хэлээр ханз, араб, манж, төвд  зэрэг харь үсгээр тэмдэглэсэн дурсгалууд багтжээ.

Түүнчлэн хэл бичгийн талаарх  Монгол төрийн бодлогын залгамж чанарыг харуулах үүднээс зарим баримтыг жишээ болгон оруулснаас гадна Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нарын зарлигийг энэ бүтээлээс үзэх боломжтой. Номыг зохиогч Г.Баттогтох нээлтийн үеэр хэлэхдээ, “Бидний энэ бүтээлийн жинхэнэ зохиогчид нь үнэндээ “Монголын ард түмэн” өөрсдөө билээ. Мөн гадаад дотоодын олон үеийн монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр, зүтгэл ч эл номыг энэ хэлбэрээ олоход зохих хувь нэмрээ орууллаа. Энэхүү бүтээл нь монголчууд бидний түүхийнхээ туршид хэрэглэж ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн дурсгал, онцлог, үг хэллэгийн талаар шинжлэх ухаанч ангилал,  үечлэл, сонголтын үндсэн дээр танилцуулна. Ингэхдээ мэдвэл зохих мэдээллийг товч, тодорхой өгүүлсний зэрэгцээ олон арван зураг сэлтээр баяжууллаа” хэмээн  тодотгов.

Эх сурвалж:  Ж.Болор /Монцамэ/